top of page

Монгол кино анх удаа 80 дахь удаагийн Венецийн Олон Улсын Кино Наадмаар дэлхийн нээлтээ хийнэ.



2023 оны 7-р сарын 25-ны өдөр 80 дахь удаагийн Венецийн Олон Улсын Кино Наадмын захирал Алберто Барбера тус наадмын Оризонти уралдаант хэсэгт Монгол найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын “СЭР СЭР САЛХИ” (CITY OF WIND) бүрэн хэмжээний уран сайхны киног сонгож буйг дэлхий нийтэд зарласан билээ. Дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудын нэгд зүй ёсоор тооцогддог Венецийн Олон Улсын Кино Наадамд анх удаа Монголын найруулагчийн бүтээл албан ёсны хөтөлбөрт сонгогдон, наадмын дээд шагнал болох “Алтан Арслан”-гийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал юм.


Онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгээ хайх 17 настай бөө хүү ЗЭ-ийн тухай өгүүлдэг “СЭР СЭР САЛХИ” (CITY OF WIND) уран сайхны кино нь залуу найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл бөгөөд түүнийг Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүнтэй Screendaily сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэсэн болно.


Мөн найруулагч П.Лхагвадулам нь “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо 2022 оны Венецийн ОУКН-ын шилдэг богино хэмжээний “Алтан Арслан” шагналыг хүртсэн анхны Монголын уран бүтээлч болж байсан бахдам амжилттай уран бүтээлч юм. Тус киног Монголын Гуру Медиа, Францын Аврора Филмз, Португалын Uma Pedra nо Sapata, Голландын Volya Films, Германы 27 Films, Монголын Мобинетийн VOO компаниуд хамтран Монгол, Франц, Португал улсуудын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн тэтгэлэгүүд болон Берлин, Локарно, Доха, Роттердам ба Торино зэрэг олон улсын кино наадмын дэргэдэх сангууд болон Францын АРТЕ ТВ-ийн сувгийн дэмжлэгээр бүтээсэн.


Киноны зураг авалтыг 2022 оны 9-12 сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан ба зураг авалтанд Монгол, Франц, Португалийн нийт 80 гаруй уран бүтээлчид ажиллан, 200 гаруй гол ба туслах дүрүүд, олны хэсгийн жүжигчид, урлагийн сургуулийн оюутанууд оролцон тоглосон. Тус киноны гол дүрд залуу жүжигчин Б.Тэргэл, А.Номин-Эрдэнэ нар тоглож, МУ-ын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, жүжигчин Ц.Ганзориг, Н.Цэнд-Аюуш, Ч.Булган нар туслах дүрийг чадамгай бүтээсэн бол Ерөнхий зураглаачаар Португалийн Вашко Виана, Ерөнхий зураачаар Монголын Н.Болор-Эрдэнэ, Хөгжмийн зохиолчоор Португалийн Вашко Мэндонса, Гэрэл, техникийн багийн ахлагчаар Б.Түвшинтөгс, Монгол талын Ерөнхий продюсерээр Гуру Медиа студийн продюсер Ц.Ариунаа, гүйцэтгэх продюсераар мөн студийн продюсер Х.Оюундарь нар тус тус ажилласан.


Найруулагч П.Лхагвадулам одоо Португалийн Лиссабон хотын Лусофона Их Сургуульд кино зохиолын чиглэлээр докторын зэрэг горилж байгаа бөгөөд тэрээр Сэр Сэр Салхи бүтээлийнхээ талаар:

“Энэ кино нь өвөг дээдэс, онгод тэнгэрийн ерөөл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайсан залуу зайрангийн эгэл түүх юм. Энэхүү бүтээлээрээ нэг талаас өнөөдрийн Монголын маш хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд залуу хүн хэрхэн Монголын соёлын нэг хэсэг болох бөөгийн соёлыг тээнгээ өсч, сурч, амьдарч буйг харуулахыг зорьсон. Нөгөө талаараа орчин үеийн Монголын нийгмийн олон талт байдал, зөрчлийг гаргах гэхээсээ илүү янз бүрийн амьдралын түүхээр дамжуулан Монголын нийгмийн нийлмэл дүр төрхийг өгүүлэхийг хичээсэн. Бас энэ киног миний эх орныхоо төлөө өргөж буй "ерөөл" гэж үзэж болно. Учир нь гол дүрүүд маань хэд хэдэн удаа хангай дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөж байгаа хэсэг гардаг бөгөөд энэ нь найруулагч миний эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө ерөөж буй илэрхийлэл юм “ гэж тэрээр өгүүлсэн.


Тус киноны Монголын нээлтийг 2023 оны 10-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, киног үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Мөн киноны олон улсын түгээлтийг Бельгийн BEST FRIEND FOREVER болон Францын ARIZONA DISTRIBUTION байгууллагууд хариуцаж байна.


Зохиолч, найруулагч П.Лхагвадулам нь Турк улсад Докуз Эйлүлийн Их Сургуулийг кино найруулагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж улмаар Монголын Үндэсний Телевизэд найруулагч Г.Жигжидсүрэнгийн удирдлага дор дадлага хийн, түүний баялаг туршлагаас суралцаж байв. Улмаар тэрээр СУИС-ийн Радио Телевизийн сургууль болон Кино Урлагийн дээд сургуульд багшилж, ажлын туршлага хуримтлуулсан. Тэрээр 2012 онд Турк улсын Докуз Эйлүлийн Их Сургуулийг кино найруулагчаар бакалавр, 2015 онд Прагын FAMU их сургуулийн кино зохиолчийн академик гэрчилгээ бүхий сургалт, Kino Eyes European Filmmaking Masters мастерийн хөтөлбөрийг төгсөж, Лиссабоны их сургуулийг кино зохиолчийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ. Одоо тэрээр Португалийн Лиссабон хотын Лусофона Их Сургуулийг кино зохиолын чиглэлээр докторын зэрэг хамгаалж буй бөгөөд францын философич Делёзын цаг хугацаа - дүрслэл (time-image) хэмээх киноны онолд гол анхаарлаа хандуулж байна. Түүний найруулсан “Шилүүс” богино хэмжээний кино нь Канн, Торонто, Сандэнс (2020) болон Локарногийн ОУКН-ын Нээлттэй Хаалга (2021) хөтөлбөрт шалгаран оролцож, Мөн 2020 оны Бусаны наадмаас The Sonje Award шагналыг хүртсэн. Түүний “Есдүгээр сарын Цас” богино хэмжээний кино 2022 оны Венецийн ОУКН-ын 2022 оны Венецийн ОУКН-ын шилдэг богино хэмжээний киноны Алтан Арслан болон 2022 оны Торонтогийн ОУКН-ын шилдэг богино хэмжээний кино шагналыг тус тус хүртсэн. Тэрээр 2022 онд “Сэр Сэр Салхи” (ажлын нэр” ЗЭ)бүрэн хэмжээний уран сайхны киноныхоо зохиолыг бичиж дуусган, мөн оны намар, өвөл Улаанбаатар хотноо Монгол, Франц, Португалын кино уран бүтээлчдийн хамтраар зураг авалтаа амжилттай хийж, 2023 онд бүтээлээ бүрэн дуусган 80 дахь удаагийн Венецийн ОУКН-д Монгол улсаас анх удаа сонгогдон оролцох гэж байна.

Comments


bottom of page